2008/12/31

Сүлжээний топологи

Салаа топологи Угсарч суурилуулахад хялбар энгийн. Салаа топологиор холбогдсон төхөөрөмжүүд нь өгөгдлийг дамжуулахдаа түгээгүүр гэж нэрлэгдэх гол кабелийг өрсөлдөж эзлэж авдаг. Ийм учраас энэ топологийг өрсөлдөх топологи гэж мөн нэрлэдэг. Өгөгдөл дамжуулалтыг амжилттай алдаагүй гүйцэтгэж байхын тулд төхөөрөмжүүд нь дамжуулалтыг эхлэхээс өмнө кабелийн төлөвийг, гүйцэтгэж дууссаны дараа кабелийн төлөвийг шалгаж байдаг. Хэрэв тухайн агшинд аль нэг төхөөрөмж түгээгүүр кабелийг эзэмшиж байвал бусад нь тодорхой хугацааны завсарлагаатайгаар хүлээж байдаг.
Түгээгүүр кабелийн урт тодорхой хязгаарын урттай байдаг. Бусад бүх түгээгүүрийн системийн адил түгээгүүр кабелийн хоёр төгсгөлд терминаторыг холбож өгдөг. Салаа топологи нь идэвхгүй топологид хамаарна.

Одон топологи Бүх төхөөрөмжүүд нь кабелийн сегментүүдийн тусламжтайгаар холболтын төхөөрөмжид холбогддог. Дурын хоёр төхөөрөмжийн хоорондох өгөгдөлийн дамжуулалт холболтын төхөөрөмж (switching)-ээр дамжуулагддаг. Тухайн агшинд зөвхөн хоёр төхөөрөмжийн хооронд холбоо тогтоох чадвартай. Онцлог нь өгөгдлийн дамжуулалтыг нэг цэг дээр төвлөрүүлж удирдах боломжтой болдог. Кабелийн сегментэд терминатор хэрэглэдэггүй.

Цагираг топологи Төхөөрөмжүүд нь хоорондоо битүү цагираг үүсгэх маягаар холбогдож энэ топологийг үүсгэдэг. Терминатор шаардлагагүй. Өгөгдлийн дамжуулалт нь зөвхөн нэг чиглэлд хийгдэнэ. Зарим тохиолдолд хос кабель ашиглан хоёр чиглэлээр зохион байгуулагдсан байдаг. Энд өгөгдлийн дамжуулалт нь маркер гэгдэх тусгай багцыг ашиглаж явуулдаг, төхөөрөмжүүд нь бүгд тэгш эрхтэй оролцдог. Өмнөх хоёр топологиос ялгаатай нь идэвхтэй топологи юм. Кабельд холбоотой төхөөрөмж бүр репитерийн үүргийг гүйцэтгэнэ. Нэг төхөөрөмж ажиллахаа боливол сүлжээ ажиллахаа болино.

Маркер нь нэг төхөөрөмжөөс нөгөө рүү нэг чиглэлд байнга дамжуулагдаж байдаг бөгөөд өгөгдөл дамжуулахыг хүссэн төхөөрөмж уг маркерт өөрийн болон хүлээн авагчийн хаяг, өгөгдлийг байрлуулаад цааш дамжуулдаг. Дараа дараагийн төхөөрөмж бүр хүлээн авагчийн хаягийг өөрийн хаягтай харьцуулан шалгах ба хэрэв хаягууд нь давхцаж байвал маркераас өгөгдлийг хуулан авч оронд нь хүлээж авсанаа мэдэгдсэн мэдээллийг байрлуулж хүлээн авагчийн хаягийг өөрчлөөд цааш нь дамжуулдаг. Ингээд анхны илгээгчдээ ирмэгцээ нэг бол чөлөөлөгдөнө эсвэл дахин өгөгдлийн дамжуулалтанд ашиглагдана. Харин хүлээн авагч олдохгүй байвал маркер анхны илгээгч төхөөрөмжөөр чөлөөлөгдөнө.

Эх сурвалж

No comments: