2007/12/13

Үгийн алдаанаас үргэлж хол яв

Хүн нүүр царайгаараа ч, сэтгэл санаагаараа ч, өмссөн зүүснээрээ ч, бүхий л зүйлээрээ сайхан байх ёстой. Хэл яриагаараа ч бүр ч сайхан байх учиртай. “Худалчид бүү итгэ. Ховчтой хүү хэлэлц. Чалчаатай бүү учир” хэмээн Ноён хутагт шүлэглэн сургажээ. Худал хэлэхийг монголчууд огоорох ёстой, муу үйл, нүгэл хилэнц гэж үзэн цээрлэдэг. Худал хэлэх нь туйлын жигшүүртэй хэрэг.

Бодит үнэн, чин үнэнийг гуйвуулбал худал болно. “Энэ хорвоогийн бүх л зүйл үнэнээр эхэлж, үнэнээр дуусна. Үнэн бол алив бүхний язгуур, үнэн байхгүй гэж үзвэл, тэнд юу ч байх ёсгүй” гэж дорнын сударт бичжээ. “Үнэн бол үүрд оршдог, харин хуурмаг бол орших орон зайгүй” гэж өөр нэгэн номонд өгүүлсэн байдаг. Худлыг үнэн гүйцдэг жамтай. Амлахдаа болгоомжтой хүн биелүүлэхдээ сайн байдаг. Хийж дийлэхгүй ихийг амлаж сууснаас хийж чадах ахиухан хий. Одоо цагт амлалт нь их, амжуулдаг нь бага болж. Биелүүлж чадахгүй амлалтаас шууд татгалз. Амласнаа хийхгүй бол худалч болно. Нэгэнт худалч гэдэг нь илэрхий танигдсан бол үнэн ярьж байхад нь ч гэсэн итгэх аргагүй. Нэг худалч нөгөө худалчаа итгэдэггүйг телевизийн дэлгэцнээ маргалдах эрхэмүүдийн ярианаас түвэггүй ойлгогдоно. Худалч хүний үг нь эвтэй бөгөөд донжтой. Худлыг олон дахин давтан ярьвал үнэн болдогийн үгэн луйврыг тэд үнэмштэл сайн хийж дөнгөдөг юм. Эрх мэдэлтэй худалчийн үгнээс эргээд учрах хор нь их бөгөөд аюултай. Үнэнийг ихэсгэж байж худлыг багасгана. Гацхан худал ч биш ерөөсөө бусармаг бүхнийг дуугүй хараад сууна гэдэг өөрөө түүнд гар бие оролцож байгаагаас ялгаа үгүй тул худлыг сөрж, үнэнийг дуугач байх нь таны үүрэг.

Ховчийн үгийг бүү сонс. Сонслоо ч нэг чихээрээ оруулаад нөгөөгөөрөө гаргачих. Ховчийн үгийг сэтгэл зүрхэндээ ойрхон хүлээж авах хэрэггүй. Ховчтой газар хэрүүл буглана. Хов жив уруул шүд мэт ойр дотно байсан хүмүүсийг ч уралцуулан эвдрэлцүүлнэ. Зусар бялдуучдын үндсэн ажил нь хов зөөх. Ховч, ховоор хоол хийгч хоёул таарсан таар шуудайнууд. Ховч нар зусардаж байгаа хүнийхээ таалалд нийцсэн, хүсэж байгаа үгийг олж дамжуулах мөрөөдөл нь өдрийн бодол шөнийн зүүд. Үнэмшилтэйгээр зохион ярьж, хутган үймүүлэх нь ховч бялдуучдын үндсэн мэх. Иймэрхүү хүмүүсийн хор гайгаар улс орон үгүйрэн доройтож, бусдын идэш болж байсан баримт хүн төрөлхтний түүхэнд бишгүйдээ бий.

Өөрийгөө зөвтгөн, бусдыг муу хэлдэг хүнээс ямагт жийрхэж яв. Өөрийн нэгэн дутагдлыг ухаарах нь бусдын зуун алдааг олж харсанаас хавьгүй дээр. Хүний алдааг харахдаа өөрийн алдааг цуг сана. Хайрласан нүд хайзгайг олж хардаггүй. Гэхдээ хамгийн ойр хүмүүсийнхээ алдаа согогийг хамгийн түрүүн олж харж, онож хэлж өгөх нь чиний бусадтай хуваалцалгүй хийх ажил. Атаархан маргаж, эв эеэ самарч явснаас бусдынхаа амжилтанд баясаж, баяр жаргалыг хуваалцан, бие биенээ дээдлэн хүндэлж, итгэж найдаж явахыг хичээ.

“Чалчаа хүн бусдын хайрыг татах гэж уурыг хүргэнэ. Тус болох гэж түвэг удна. Гайхуулах гэж инээдтэй харагдана.” Дэмий чалчаа яриаг дэврүүлж хөөргөх, утгагүй яриа хөөрөөнд урам өгч сонсох хэрэггүй. Чалчин ярьж цэцэн болохгүй. Бусдыг муу хэлэн чалчиж, өөрийг чинь магтан чалчигчийн үгийг аль алийг нь бүү сонс. Өглөөний нарнаар анд нөхдөө доромжлон чалчиж, үдэш орой өршөөл хүсэн нахилзах хүнд итгэх аргагүй. Нөхрийн гэмийг засахад тусал. Хэт их чалчаа болчихоогүй дээр нь хэлж ярьж хязгаарла.

Хүний сэтгэлийг шаналгах хатуу ширүүн, хараал зүхлийн үгийг бүү хэл. Сэтгэл өвтгөм үгийг зөөлөн хэллээ ч хатуу байдаг юм. Боловсролгүй, донгио байдлыг бүдүүлэг яриа чинь шууд нотлоод өгнө. Бүдүүлэг үг ярианаас бүр хол яв. Бүдүүлэг үгийг өөрөө хэрэглэхгүй байхын хамт бусдаас сонсохгүй байхыг хичээ. “Тэнэг хүнтэй хэзээ ч бүү марга, хүмүүс та нарыг ялгаж зааглаж чадахгүй болж мэднэ.” Бүдүүлэг аашаараа бусдыг баясгана гэдэг бүдүүлэгийн дээд бүдүүлэг билээ. Хорон үгээр хүнийг булж, бухимдуулж болохгүй. Хорон үг мэснээс ч аюултай гэж монголчууд ярьдаг бол хорон үг хурц хутга гэж германчууд хэлцдэг юм билээ. Аль аль нь сэтгэлийг шархлаах хорон үгний аюулаас сэрэмжлэн болгоомжлуулж хэлсэн үг.

Доромж тохуу нь хатуу ширүүн үгний нэг хэлбэр. Доромж тохуу үгс хүний эрхэм чанарт эрээгүй халдаж, доош хийн доромжилж, сэтгэлийг эвдэн бусниулах хортой тул түүнээс аль болох зайлсхий. Хүний эмзэг зүйлээр нь дуудан элдэвлэж болохгүй. Барагдашгүй хорогдошгүй гомдолд хөтөлж, дуусашгүй, дундаршгүй хэрүүлд чангаахаас өөрийг үл авчирна. Хийгээгүй муу үйлийг хийсэн болгон гүтгэх шиг аюултай амны алдас үгүй. Үйлдээгүй мууг үйлдсэн мэтээр хардагдах шиг сэтгэлийн шаналан бас үгүй. Гүтгэгдсэн, хардагдсан хүний дотор сэтгэл шатаж байдаг билээ. Ой шатвал бүгд харна, сэтгэл шатвал хэн ч харахгүй. Зовлон шаналангаа өөрөө эдэлж, цагаадаж цайрахын гэгээн өдрийг хүлээн суух болдог юм. Энэ яваа насанд нүгэл хилэнц, муу муухай бүгд сайн бүхний орон зайг эзлэн хургаснаас хүнийг оргүй хоосонд шууд гүтгэх, сургаар дам гүтгэх, захиалгаар санаатай гүтгэх ад зэтгэр шүглэн зовооно. Бусдыг бузар явдалд гүтгэмээр санагдаад хэл чинь загатнаад байвал халбага давс амандаа хийчих. Тэр гэм зэмгүй хүнд гүтгэлэг гөрдлөг ямар гашуун сонсогдохыг амандаа хийсэн давсны амтаар ч болов өөрөө мэдэрдэг. Үгний алдаанаас үргэлж хол яв.

1 comment:

Anonymous said...

Выражаю искреннюю признательность авторам сайта [b]tulgabat.blogspot.com[/b] за то что Вы есть.

С наилучшими пожеланиями, [url=http://bisexy.ru]девочка бисексуалка Элиза
[/url]