2007/12/13

Алтан дэлхийг аашаар бус аргаар засна

Алдаа, оноог хослуулан амьдралын замыг туулах нь алаг хорвоогийн жам. Алдаа нь бага, оноо нь их байж амьдрал тань утга төгөлдөр, амжилт ололт ч ахиу дөхүү хурна. Чадалтай хүн эрдүү, чаддаг хүн бардам. Баглаа хүлээгүй эрх чөлөөг эдэлж, багтаж ядсан эрч хүчиндээ дийлдэн сөхрөх тавилан угтан учирч болзошгүйг дэнслэн тунгаан санаж яв. Дийлдэшгүй хүчтэн мэт дэвж бууж явахдаа дийлдэн хурнийх буруу үйлээс дөлж буруулж явахыг хичээ.

Аавын хүү аагинд дийлдэнэ. Ааг омогтоо дүрэлзэн шатаж, дүүлэн хөөрөх нь сайн сайханд хөтлөхгүй. Чадаж байгаа юманд арга байхгүй гэж дэврэх, дэвэргэх аль аль нь зуурдын хөөрөл болохоос мөнхөд хөхөөх дуудлага биш. Хөнөгөндөө багтаж ядан хөөрөн дэврэх хорслын ааг хавьтсанаа хаман урсах үерийн ус мэт гашуун зовлонг зөгнөн, бусдад гай тарьж, хор хүргэхдээ өөрийг чинь живүүлэн сүйтгэх гаслангийн үрийг суулган үлдээдэг юм. Ааг омгоор бусдыг дийлж чадах мэтээр сагсууравч адаг сүүлдээ хорслын аагиндаа дийлдэн шалчийна аяндаа.

Аавын хүү аашинд дийлдэнэ. Хүн бүхэн өөрийн гэсэн ааш авиртай. Юм бүхэнд хэмжээ дамжаа хэрэгтэй. Илүүдсэн бүхэн хор болдогийн адил ааш хэтэрвэл амьдралд цөвтэй. Ааш авираа өөрөө захирах учиртай. Хэрээс хэтэрсэн аашиндаа хүн өөрөө дийлдэн хүлээ баглаатай зовно. Хүний түлхүүрээр өөрийн хаалгыг онгойлгож болдоггүйтэй адил өөрийн аашаар өрөөлийг захирах амаргүй. Илүү дутуу ааш араншингүй хүнтэй эвлэж зохицох амархан. Олон ааштай хүнтэй нөхөрлөх хэцүү. Сайхан ааштай мөртлөө саар мууг сэдэгчид бий. Муухай аашлах хэрнээ машид сайхныг бүтээгчид бас байна. Авъяас чадвар чамбай мөртлөө аашнаасаа болж алдагсад цөөнгүй. Шударга үг чихэнд хатуу ч явдалд тустай болохоор анд нөхрийнхөө ааш зангийн алдаа оноог алдалгүй хэлж тусал.

Аавын хүү алиг шалигт дийлдэнэ. Гэрээс гадуур гэдэн годон явдалтай хүнийг монголчууд алиг хэмээн нэрлэж иржээ. Зөв явдалт хүнийг буруу зам руу хазайхад алиг шалиг зан амархан түлхэж дөнгөнө. Авир тогтворгүй хүн алиг шалиг явдалд амархан дийлдэн сөхөрнө. Алиг шалиг зан итгэл хүндэтгэлийн дайсан, эвлэрэл зохицолын садаа.

Алтан дэлхийг аргаар засахаас аашаар засахгүй. Алтан дэлхийг аашаар засахаар оролдсон оролдлого бүр хумхийн тоос болон хийсч, замхарч байлаа. Аргаар засахаар хийсэн алхар бүр амжилт олж ирэв. Аашны муугаас салан одох хялбар, арга чарга хайж нэгдэн уулзах хэцүү. Аашны муугаар туйлан амжилт ололтын адаг эцэст хүрэхгүй. Уур уцаараар учрыг олж, учигийг тайлахгүй. Уужуу талбиу ухаанаар аргыг олбол бэрхийг давж, сайнтай золгоно. Аашийг нь сурахаар аргыг нь сур гэж бидний дээдэс сургамжилсан. Хүчээр зуун ажлыг нугалж болох ч аргаар мянган ажлыг гүйцээж болно. Ажлыг аргаар, хэцүүг эвээр шийдэж байж хорвоогийн түмэн бэрхийг даван туулна.

Аавын хүү аашинд дийлдэнэ, аагинд дийлдэнэ, алиг шалигт дийлдэнэ. Алтан дэлхийг аашаар засахгүй аргаар л засна.

Н.Багабанди

No comments: